Нийтийн зориулалттай орон сууцны бохир усны гадна худгийн намрын угаалга, цэвэрлэгээ хийгдэж байна

“Дархан-Ус суваг” ХК-ий өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй төлөвлөгөөт ажлуудын нэг нь орон сууцны айл өрхийн бохир усны гадна худгийн намрын угаалга цэвэрлэгээ, ариутгалын ажил юм. Хагас жил тутамд тогтмол хийгддэг ажил 9-р сарын 13-наас эхлээд байна.

Дархан сумын орон сууцны хорооллуудад нийт 980 гадна худаг бүртгэлтэй байдаг.

Ихэвчлэн иргэдийн хаясан хог, хаягдалд бохир усны цооног бөглөрөх улмаар бохир халих зэрэг хүндрэл үүсдэг юм. Гадна худгуудад ийнхүү бөглөрөл үүссэн тохиодолд бохироо орон сууцны зоорийн давхарт хаях инженерийн шийдэлтэй байдгийг мэргэжлийн инженерүүд хэлж байна. Энэ нь тухайн орон сууцны зоорийн давхарт элдэв төрлийн хортон шавьж үүрлэж үржих, эвгүй үнэр гарах, хүйтний улиралд цан, чийг цохих  үүнээс улбаалан барилгын хийц бүтээцэд сөрөг нөлөө үзүүлдэг аж.

Тиймээс мэргэжлийн байгууллагаас жил бүр бохир усны гадна худгийн угаалга, цэвэрлэгээ, ариутгалыг тогтмол хийж байна.

Цаашид иргэд, оршин суугчидыг хог, хаягдалаа зориулалтын хогны саванд хаяж хэвших, цэвэр, бохир усны шугам хоолойд хог хаягдалаа хийхгүй байж хэрэглээний усныхаа эрүүл, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

Орон сууцны айл өрхийн бохир усны гадна худгийн угаалга, цэвэрлэгээ, ариутгалын намрын ажил 10-р сарын 15 хүртэл үргэлжилнэ.