Цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын явцтай танилцлаа

Дархан-Уул аймгийн аймгийн засаг дарга Б. Азжаргал болон бусад албаны хүмүүс өнөөдөр /2021.10.04/ Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН 3244/3245 төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа. Төв цэвэрлэх байгууламжийн төсөл 2015 оноос 8 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурснаар эхэлсэн. Өнөөдрийн байдлаар цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 41 барилга байгууламжийг шинээр барьж угсрахаас 22 байгууламжийн барилга угсралтын ажил дуусч, 13 байгууламжийн барилга угсралтын ажил үргэлжлэн хийгдэж байна. Зургаан байгууламжийн ажил бусад барилгын ажилтай холбоотойгоор эхлээгүй байна. Нийт хийгдэх ажлыг эзлэх хувиар нь харьцуулбал: Нийт бетон цутгалтын 91 хувь нь хийгдсэн, Хийц бүтээц угсралтын 92 хувь нь угсрагдсан, Тоног төхөөрөмж угсралтын 24 хувь нь хийгдсэн, Цахилгаан механик тоног төхөөрөмж худалдан авалтын 82 хувь нь төслийн талбайд нийлүүлэгдсэн байна. А1 багцын барилга угсралтын ажлын явц 76, 8 хувьтай байна. 2020 оны 11-р сарын 25-ны ТУХ-ны хурлаар зээл хаах хугацааг 2021 оны 06-р сарын 30-ны өдрөөс 2022 оны 03-р сарын 31-ний өдөр хүртэл сунгах хүсэлтийг Сангийн яам болон Азийн хөгжлийн банкнд хүргүүлсэн байна. Азийн хөгжлийн банкнаас хүсэлтийн дагуу зээл хаах хугацааг 2022 оны 03-р сарын 31-ний өдөр хүртэл сунгаж МОН3244/3245 төслийн зээлийн эх үүсвэрийн дахин хуваарилалтыг баталжээ. Зээл хаах хугацааг сунгасантай холбоотойгоор барилга угсралтын ажлын төлөвлөгөөнд өөрчлөлт орж 2021 оны 10 дугаар сарын 31-нд барилга угсралт тоног төхөөрөмж суурилуулалтын ажлыг бүрэн дуусгаж 11-р сарын 01-ний өдрөөс эхлэн тоног төхөөрөмжийн туршилт тохируулгын ажлыг хийж гүйцэтгэн 12 сард улсын комисс ажиллуулан хүлээлгэн өгөх ёстой байсан боловч ерөнхий гүйцэтгэгчийн менежмент муугаас шалтгаалж гүйцэтгэл төлөвлөсөн хугацаанаас 14.5 хувийн хоцрогдолтой явж байгааг Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл МОН 3244/3245 төслийн Дархан төслийн ахлах инженер Д.ЭНХТУЯА ярив. Аймгийн засаг дарга ажлыг урагшлуулах чиглэлээр холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Эх сурвалж: Дархан Уул Аймаг