МЭНДЧИЛГЭЭ

     Манай компани нь Бурхантын хөндийд Дархан хотын суурийг тавьсантай зэрэгцэн тэртээ 1965 оны 3 дугаар сарын 17-ны өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 68 дугаар тогтоолоор “Ус сувгийн товчоо” нэртэйгээр Цэвэр усны анги, сувагжуулах анги, засвар цех, автограш, цахилгаан диспетчер зэрэг анги салбаруудтай 34 ажлын байртай байгуулагдан тулгын чулуугаа тулж гал голомтоо анх асаасан түүхтэй бөгөөд Дархан Уул аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2003 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор орон нутгийн өмчит хувьцаат компанийн хэлбэрт шилжин ажиллаж байна.

      Анх байгуулагдсан цагаас хойш найрамдлаар овоглосон Дархан хот өргөжин хөгжиж, үйлдвэр аж ахуйн нэгжүүд олноор байгуулагдан хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр тэдгээрийг 151 км урт шугамаар стандартын шаардлага хангасан цэвэр усаар тасралтгүй, найдвартай, хэвийн хангах, 97 км урт шугамаар бохир усын татан зайлуулан цэвэрлэж байгальд нийлүүлэх нэр хүндтэй ажлыг нэгэн жарны туршид тасралтгүй хийсээр ирлээ.

     Манай хамт олон орчин үеийн техник технологийн шинэчлэлтэй мөр зэрэгцэн ажиллаж гэр хорооллын 44 ус түгээх байрыг ухаалаг системд холбож 2800 хүн амд 24 цагийн туршид үйлчлэн иргэд хэрэгцээтэй үедээ цэвэр усаар хангагдах боломжтой болгосон, Монгол улсын 21 аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын дундаас анх удаа агаар сансрын бодит газар зүйн байршил дээр барилга байгууламж, насос тоног төхөөрөмжийн их ба урсгал засвар хийсэн тухай тэмдэглэл, цэвэр, бохир усны шугам сүлжээний нийт зураглалыг бодитоор харах боломжтой ARCGIS программыг нэвтрүүллээ. Дархан хотын ундны усны эх үүсвэрийн станцуудыг алсын удирдлагатай болгож ухаалаг системд холбов.

      Монгол улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Дархан хотын бохир усны менежмент”-ийг сайжруулах “МОН-3244/МОН-3245” төсөл хэрэгжиж байна.

      Цаашид бид дараах ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөн ажиллаж байна. Компаний стратеги төлөвлөгөөг шинэчлэн батлах, Дархан хотын гэр хорооллын айл өрхүүдийн ундны усны бодлогын бичиг баримт гаргах, тэдгээрийн “ЭКО-00”-ын төслийг боловсруулах зэрэг бодлогын баримт бичгүүдийг гаргахаар ажиллаж байна.

       Дархан хотын 13 000 айл өрх, 1500 аж ахуйн нэгжийг ухаалаг тоолууртай болгож усны алдагдлыг арилгах ажлыг үе шаттай хийхээр төлөвлөөд цэвэр усны ухаалаг тоолуур үйлдвэрлэдэг БНХАУ-ын WIXI BRING компанитай хамтран ажиллаж Монгол улсад ганцхан манай компани худалдан борлуулах эрхтэйгээр онцгой гэрээ байгуулан ажиллаж байна. Уг тоолуур нь Монгол Улсын СХЗГ-ын загварын туршилтанд бүрэн тэнцсэн, Мэдээлэл холбооны зохицуулах зөвлөлөөс агаарын орон зайг ашиглах тусгай зөвшөөрөл авсан бөгөөд эхний ээлжинд усны алдагдал ихтэй Мангирт хорооллын 285 айл өрх, аж ахуйн нэгжид өөрийн хөрөнгөөр суурилуулж байна. Мөн шугамын даралт тохируулагч хаалт суурилуулах, бохир усны зарцуулалтыг хэмжигч суурилуулах, Дархан хотын насжилт ихтэй шугам сүлжээний шинэчлэлийн ажлыг Улсын төсвийн хөрөнгийн 5,67 тэрбум төгрөгөөр 2022-2023 онуудад хийлгэх зэрэг ажлуудыг шат дараатай хийхээр төлөвлөж байна.

      Бид эрхэм зорилго алсын хараагаа тодорхойлон, хэрэглэгчидээ хаанд өргөмжлөн дээрх ажлуудыг бүрэн хэрэгжүүлснээр Дархан хотын хэрэглэгчидээ цэвэр усаар хангах, бохир усын татан зайлуулах ажлаа техник технологийн өндөр түвшинд нэр төртэй хийж, орон нутгийн бүтээн байгуулалтанд оролцож ажиллах болно.

 Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

                                                                                 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ   

Г. ЭРДЭНЭБАТ