“Дархан-Ус суваг” ХК-ий ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх эрх баталгаажив

“Дархан-Ус суваг” ХК Монгол улсын нийтийн аж, ахуйн үйлчилгээний салбар, Дархан хотын хэрэглэгчдэд ухаалаг тоолуурын системийг нэвтрүүлэхээр өнгөрөгч 2020 оны 01-р сараас эхлэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Улмаар 2021.05.27-ны өдөр Монгол Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн комисс LXSG-K загварын тоолуурын холбогдох бичиг баримт, бичгүүдтэй танилцан Ус сувгийн удирдах газрын “Усны тоолуурын лаборатори”-д MNS 2662:2002 “Хүйтэн усны тоолуур, шалгах арга хэрэгсэл”, MNS OIML R 49-1: 2020 “Ундны хүйтэн ус ба халуун усны тоолуур, Хэмжил зүйн ба техникийн шаардлага” стандартын дагуу эсэхэд загварын туршилт хийж “ТЭНЦСЭН” үнэлгээ өгсөн юм.Харин өнөөдөр / 2021.09.28 / Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хурал цахимаар явагдаж “Дархан-Ус суваг” ХК-ий LXSG-K загварын алсын зайн удирдлагатай, LoraWan системтэй ухаалаг тоолуурыг Дархан-Уул аймгийн усан хангамж, ариутгах татуургын үйлчилгээнд ашиглах, худалдан борлуулах эрхийг албан ёсоор баталлаа.Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсч, байгуулагдсаны 90 жилийн ойн босгон дээр ийнхүү “Дархан-Ус суваг” ХК салбартаа анхдагч ухаалаг тоолуур нэвтрүүлэгч байгууллага болж байна.