“ДАРХАН-УС СУВАГ”-ИЙН 2023 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Компанийн 2023 оны ажлын тайланг нийт ажилтнуудад танилцуулах хурал өнөөдөр /2024.04.03/ болов.
“Дархан ус суваг” ХК нь Дархан хотын цэвэр, бохир усны эрэлт хэрэгцээг найдвартай хангахуйц инновацийг нэвтрүүлэгч байгууллага болох эрхэм зорилгынхоо хүрээнд 2023 онд Дархан хотын 1,423 үйлдвэр, аж ахуйн нэгж, 15,891 айл өрхтэй “Цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ус ашиглалтын гэрээ” байгуулан, гэр хорооллын 46919 хүн амд ус түгээх 3 машин худаг, зөөврийн 29, төвлөрсөн шугам сүлжээний 27 нийт 59 бүрэн ухаалаг худгаар дамжуулан ундны цэвэр усаар 24 цагийн турш тасралтгүй үйлчилж байна.
2023 онд хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээс дурдвал:
✅АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах” MON 3244/3245 төсөл тайлант онд бүрэн хэрэгжиж дууслаа. Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, усны нөөцийг бохирдуулах эрсдлийг бууруулах, Дархан хотын хүрээлэн буй орчныг сайжруулахад бодит хувь нэмрээ оруулах нь төслийн гол зорилго юм. Төслөөр бохир усны насосны станцуудын техник, тоног төхөөрөмж болон бохир усны лабораторийг бүрэн шинэчилсэн юм.
✅Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамны дэмжлэгтэйгээр “Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл” хэрэгжиж байгаа бөгөөд Евро стандартын газрын деформацид тэсвэртэй, Монголын цаг агаарын нөхцөл байдалд тохирсон уян ширмэн хоолойгоор Дархан хотын насжилт явагдсан, элэгдэл үүссэн хуучин шугам хоолойнуудыг сольж суурилуулах юм. Тухайн шугам хоолойнууд нь Евро стандартын 100 жилийн насжилттай, эрүүл аюулгүй ундны усыг хэрэглэх, аваар гэмтлийн тоог бууруулахад чухал ач холбогдолтойгоороо давуу талтай юм.
“Дархан хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл”-ийн хүрээнд нийт 13.3 км цэвэр усны хоолой уян ширмэн хоолойгоор солигдон шинэчлэгдэж, 15,000 айл өрх цэвэр усны ухаалаг тоолууртай болох юм. 2024 оноос цэвэр усны ухаалаг тоолууруудыг айл өрхүүдэд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх бөгөөд иргэд, хэрэглэгчид орон гэрээ эзэнгүй орхих үед ус алдах, аливаа эрсдэл үүсэхэд санаа зовох шаардлагагүй болж байгаа бөгөөд алсын зайн удирдлагаар хянах бүрэн боломж нээгдэж байгаа юм. Уг ажлыг “Ти Ар Эм” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 оны эцсийн байдлаар 24.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах хорооны 2022 оны 176 тоот тогтоолоор 2023 оныг “усны ухаалаг тоолуурыг хэрэглээнд нэвтрүүлэх жил” болгон зарласан бөгөөд манай компани уг зорилтыг 2023 оны үндсэн зорилтоо болгон дэвшүүлсэн нь уг төсөл, арга хэмжээтэй уялдаатай юм.
✅“Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар насжилт өндөртэй цэвэр усны шугам хоолойг шинэчлэх, өргөтгөх” төсөл хэрэгжиж байгаа бөгөөд “Өгөөмөр баян булаг” ХХК гүйцэтгэж, 2023 оны эцсийн байдлаар 57.4%-ийн гүйцэтгэлтэй байна.
Төслийн хүрээнд Дархан хотын инженерийн дэд бүтцийг сайжруулан 15 цэгт ус хангамжийн 10.5 км шугам хоолойг hdpe хуванцар хоолойгоор шинэчлэх ажил хийгдэх бөгөөд төсөл хэрэгжсэнээр эрүүл ахуйн шаардлагад нийцсэн баталгаат ус хангамж үйлчилгээгээр хангах нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.
Хурлын төгсгөлд ажилчдын санал асуултад хариу тайлбар мэдээллийг өгч ажиллалаа.
Scroll to Top