ТАНИЛЦУУЛГА

“ДАРХАН УС СУВАГ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Алсын хараа: Монгол улсын усны салбарын технологийн шинэчлэлд манлайлагч байх

Эрхэм зорилго: Эрсдэлийн удирдлагад тулгуурлан  техник технологийн шинэчлэлд түшиглэсэн усны нөөц, түгээлтийн шилдэг менежменттэй байгууллага байна.

“Дархан-Ус Суваг” ХК нь анх БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1965 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Дархан хотод Ус сувгийн товчоо  нэртэйгээр цэвэр усны анги, сувагжуулах анги, засвар цех, автограш, цахилгаан диспетчер зэрэг анги салбаруудтай 34 ажлын байртай байгуулагдан тулгын чулуугаа тавьж гал голомтоо анх асаасан түүхтэй.

Улмаар “Дархан Рашаан” ОНӨҮГ болж өөрчлөгдөн шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж байгаад Аймгийн ИТХ -ын Тэргүүлэгчдийн 2003 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “Дархан-Ус Суваг” ХК  болж Орон Нутгийн Өмчит компанийн зохион байгуулалттайгаар ажиллаж байна.

Байгуулагдсан өдрөөсөө өнөөдрийг хүртэл Дархан-Уул аймгийн нийт ард иргэд, айл өрхүүд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах ажлыг тасралтгүй найдвартай хангаж, Найрамдлаар овоглосон Дархан хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан, хүн ардынхаа эрүүл аюулгүй орчинд аж төрөх бүхий л бололцоог ханган ажиллах үндсэн үүргээ тасралтгүй биелүүлж ирлээ.

Тус компани нь Дархан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлан үйлдвэрлэлийн ба үйлчилгээний үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 3 хэлтэс, үндсэн 5 нэгжтэй.

Хөдөлмөрийн гэрээгээр  206, түрээсийн гэрээгээр 19, Цагдаагийн газрын  олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны харуул 22 нийт 247 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Дархан хотын 1580 гаруй үйлдвэр аж ахуйн нэгж, 14280 гаруй айл өрхтэй цэвэр усаар ханган, бохир усыг татан зайлуулах гэрээ байгуулан, гэр хорооллын 28 мянга гаруй хүн амд зөөврөөр 21, төвлөрсөн сүлжээгээр 26 цэг, машинд ус ачих 2 цэг нийт 47 ус түгээх цэгүүдээр дамжуулан үйлчилж байна.

Scroll to Top